Цахим луйвар хийсэн байж болзошгүй 1000 орчим хятад иргэнийг дөрвөн зочид буудлаас баривчиллаа
10 сарын 30, 2019

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран өнгөрсөн шөнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулж байна.

Өглөөний 07.00 цагийн байдлаар Ориентал төвийн гадна дээрх ажиллагаа үргэлжилж цагдаагийнхан хамгаалалт авсан байлаа. Гэвч дээрх иргэдийг хараахан саатуулаагүй нөхцөл байдал ажиглагдав. Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахим гэмт харэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ийнхүү саатуулахаар шалгалт хийж байна. Одоогоор дээрх зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан 1000 гаруй өндөр хүчин чадалтай комьпютер, 10 мянга гаруй гар утсыг хураан авч баримтжуулан хураан авах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх хэргийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны дарга Ц.Ганзориг " Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна" гэжээ.

Албан мэдээллээр шалгагдаж байгаа иргэд Монгол Улсад "Жуулчны виз" буюу нэг сарын хугацаатай нэвтэрчээ. Энэ төрлийн визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй аж. Өөрөөр хэлбэл, тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай гэдгийг албаныхан хэлж байна.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн энэ сарын 17-ны өдөр Монгол улсад байгаа гадаад иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ. Ингэхдээ “Монгол улсад оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 28268 хүрсэн. Эдгээрээс 13248 нь БНХАУ-ын иргэн. Түүнчлэн хоёр улсын харьяалал бүхий 16 улсын 1927 цагаач иргэд байгаа бөгөөд тэдний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж байна. Мөн өнөөдрийн байдлаар 87 улсын 9929 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс хамгийн их нь буюу БНХАУ-ын 8522 иргэнд ажиллах зөвшөөрөл өгсөн. Одоогоор 6000 хятад иргэн нь ирсэн. Энэ нь нийт зөвшөөрлийн 82 хувийг эзэлж байгаа бөгөөд газрын тос, зам гүүр, уул уурхайн чиглэлээр ажилладаг байна. Тэгвэл Вьетнамын 193 иргэн авто засварын чиглэлээр ажиллаж байгаа” гэж байв.

Мөн эдгээр иргэд нь санхүүгийн шинжтэй луйвар хийж байж болзошгүй гэсэн мэдээлэл ч байгаа бөгөөд тэднийг удирдаж байсан байж болзошгүй хэд хэдэн хүнийг саатуулаад байгаа аж. Хуулийн байгууллагын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд хэргийн газрын шалтгалт үргэлжилж байгаа юм байна.

Ажиллагааны хүрээнд 10 мянга орчим Монголын үүрэн холбооны операторуудын дугаар байсан гэдгийг албаныхан тодотгож байна. Тэд монгол сим бүхий үүрэн холбооны  дугаар, өндөр хүчин чадалтай 1000 орчим компютер хэрэглэн байсныг шалгалтын явцад хураасан юм. Өнгөрсөн шөнийн баривчилгааны талаар Цагдаагийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам болон Гадаадын иргэн харьяатын газраас лавлатал мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тэдний зүгээс Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ явуулсан гүйцэтгэх ажиллагаанд бид мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин ТЕГ мөн л мэдээлэл өгөхөөс татгалзлаа.