Д.Нарангэрэл: ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн
4 сарын 11, 2020

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Дэлхий дахинд нийт 1,698,323 халдварын тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрчээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. Япон улс улсад 582 шинэ тохиолдол бүртгэгдснээс 189 нь Токио хотод бүртгэгдээд байна. Үүнийг судлаачид улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна. БНСУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед залуусын дунд ихээр бүртгэгдэх болжээ.

Түүнчлэн ОХУ-д өвчлөл өндөр байгаа бөгөөд нийт 1,700 гаруй хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 11,917 болоод байна. Мөн Улаан-Үд хотод өвчлөл нэлээд эрчтэй байгаа юм. Тус хотод 64 хүн шинээр өвчилж 12 хүн эдгэрсэн бол нэг хүн өвчний улмаас нас баржээ.

Өчигдрийн байдлаар мөн ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-ын хувьд шинээр 42 тохиолдол бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Иймд Азийн орнуудад Европын орнуудаас хоёр, гурав дахь давалгаа болж өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонг Конгийн судлаачид анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.