Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоногоор сунгалаа
11 сарын 29, 2020

Коронавируст цар тахлын халдвараас үүдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоогоод буй. Хязгаарлалтын арга хэмжээг цаашид хэрхэн хэрэгжүүлж, хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гарчээ. Ингэхдээ боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг хэвийн ажиллуулах, 17 градусаас доош согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн байна.

Харин халдварын голомтоо хумьж чадсан Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймаг, халдвар илрээгүй бусад нутагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэр гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн орон нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын өндөр хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээж байна. Мөн заасан хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглоно.