Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг хэрхэн дэмжих талаарх эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж
12 сарын 30, 2020

Та хүүхдээ бусдаас ялгаатай, сурч боловсорч чадахгүй гэж хэзээ ч бодож болохгүй.

Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болохоороо сэтгэл санаагаар унах, нөхцөл байдалтай үл эвлэрэх, нийгэмд ялгаварлагдахаас эмээх, хүүхдээ сурч боловсрох чадамжгүй гэж ойлгох зэрэг буруу ойлголт, хандлагаас болж тухайн хүүхдээ хэт бөөцийлэх, нийгмээс тусгаарлах, хайхрахгүй орхих зэргээр боловсролын асуудлыг орхигдуулдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын адил сурах эрхтэй мөн чадамжтай. Тэдний тусгай хэрэгцээг хангаж, хөгжих нөхцлийг нь бүрдүүлж чадвал тэд суралцаж чадахаас гадна нийгмийн амьдралд оролцох чадвартай болж өсдөг.

Нөгөө талаас хүүхдүүд өөрийгөө бусад хүүхдүүдтэй адилтгаж өөрийгөө голдог тул “Чи өөрөөрөө байгаа чинь л хамгийн сайхан “ гэдгийг түүнд ойлгуулах хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ дараах зарчмыг баримтлах нь зүйтэй.

  1. Хүүхдийг үе тэнгийнхнээс нь тусгаарлаж болохгүй. Нийгэмшүүлэх тал дээр анхаарч ажиллах
  2. Хүүхдээ үүрэгжүүлж, хариуцлага хүлээх чадварыг эзэмшүүлэх.
  3. Бие даах чадварыг бий болгохын тулд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааны жагсаалт гарган мөрдүүлж, хэвшил болговол үр дүнтэй.
  4. Дүрэм, журам гэж байдгийг ойлгуулах. Тогтмол цагт унтах, босох. Өдөр тутмын амьдралын дадал, хэвшил дүрэмгүйгээс хүүхэд дуртай зүйлээ хийдэг.

Хөгжлийн ялгаатай байдал гэдэг хаалга тогшилгүй орж ирдэг. Хүмүүс маш олон төрөл байдаг. Нэг хэлбэр нь хөгжлийн ялгаатай байдал. Хөгжлийн ялгаатай, тусгай хэрэгцээтэй хүүхдийг сургахдаа хийж чадахгүй, бүтэхгүй зүйлийг хүсэж хүлээж, шахаж шаардаж болохгүй. Тэдний онцлог, чадамжид суурилсан дэмжлэг үзүүлэх нь зүйтэй.

Бэрхшээлийн төрөл

Хүүхдийн суралцах үйл ажиллагааг дэмжих арга зүй

Сонсголын бэрхшээл

Онцлог: Хараа болон хүртэхүйн чадварт суурилсан суралцах үйлийг дэмжих. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн харах чадвар болон хараагаар дамжуулан юмсын шинж байдлыг тогтоох чадвар хөгжсөн байдаг. Иймд тухайн хүүхдийн сурах үйлийг дэмжихдээ багш, эцэг эхчүүд зурган карт мөн түүнчлэн дохионы хэл, амны хөдөлгөөн ашиглаарай.

Харааны бэрхшээл

Онцлог: Сонсгол болон хүртэхүйн чадварт суурилсан суралцах үйлийг дэмжих. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд нь сонсгол болон хүртэхүйн мэдрэмж энгийн хүнээс илүү хөгжсөн байдаг.

Тулгуур эрхтний бэрхшээл

Энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд аль хэсэгт бэрхшээлтэй байгааг анхаарч булчин суллах дасгал хөдөлгөөнийг их биш, бага биш байнгын тогтмол хийлгэх.

Хэл ярианы бэрхшээл

Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхдээ “Хэл засал”-ын ном, гарын авлагуудыг ашиглахыг зөвлөж байна.

Оюуны хөгжлийн бэрхшээл

Онцлог: ОХБ-тэй хүүхэдтэй ажиллах сургалтын агуулга нь тэдний хүнд, хүндэвтэр, хөнгөний зэрэглэлээс хамаарч тодорхойлогддог. Хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй хүүхдийг бичиг үсэг, тоо тоололд сургах бүрэн боломжтой бол хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах сургалтын агуулгад гол төлөв өөртөө үйлчлэх, ахуйн энгийн хөдөлмөр, бусадтай харилцаж сурах чиглэлтэй үйлчилгээг үзүүлдэг.

Дауны синдром

Дауны синдромтой хүмүүс бие махбод болон оюун ухааны хөгжлийн хувьд удаашралтай байдаг. Насанд хүрсэн хүний оюуны чадавхи 8-9 настай хүүхдийхтэй ижил байдаг. Мөн дархлаа муу учир зүрхний өвчин, цус багадалт, бамбай булчирхайн өвчлөл, сэтгэцийн өвчин зэрэг өөр олон өвчинд өртөх магадлалыг ихэсгэдэг. Тухайн хүүхдийн насыг нь бус оюун ухааны хөгжлийг нь мэргэжлийн хүнээр үнэлүүлсний дараа оюуны насанд тохирсон суралцахуйн үйлийг дэмжих нь үр дүнтэй.

Аутизмын хүрээний эмгэг (ASD: Autism Spectrum Disorder)

Тухайн хүүхэдтэй ажиллахдаа нэг хийсэн зүйлээ давтах журмаар явбал илүү үр дүнтэй байна. Өөртөө үйлчлэх чадварыг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй. Аутизмтай хүүхдэд нийтлэг илэрдэг шинж бол нэг л зүйлээ анхаарч түүндээ тууштай байдаг.

 

 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн насан туршийн боловсролын төв