Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын хаврын чуулганаар гишүүдийн таслалт, хоцролт нэмэгдэх хандлагатай байна
5 сарын 27, 2022

   УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Энэхүү дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр заасан. Сануулах, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгох зэргээр хариуцлага тооцно.

Хуралдааныг тасалсан, хоцорсон гишүүдэд анхааруулга, огт таслаагүй хоцроогүй гишүүдэд талархал хүргүүлээд байна. 2022 оны хаврын ээлжит чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээг олон нийтэд танилцуулж байна.

Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан байна. Харин найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй.

Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа юм. 16 гишүүн огт тасалж, хоцроогүй байна.

Б.Баатарбилэг, Г.Занданшатар, Ц.Идэрбат, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүн гурав, дөрөвдүгээр сарын чуулганы нэгдсэн хуралдааныг огт тасалж, хоцроогүй байгаа юм.

Хаврын чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээллийг намрын чуулганы 10, 11 дүгээр сарынхтай харьцуулахад таслалт, хоцролт нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлж, бүлгийн хурал дээр тусгайлан мэдээлэл хийсэн" гэлээ.