Монгол, Пакистан хоёр улс нь хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх боломжтой
11 сарын 6, 2018

Монгол, Пакистаны Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Исламабад хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, пакистаны талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга И.Ахмад нар ахалж оролцов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Пакистан хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны цаашдын чиглэл, хэлбэрийг тодорхойлоход Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэйг онцлов. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжүүлж хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Түүнчлэн парламент хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, харилцан айлчлал хэрэгжүүлэх, бизнесийн төлөөлөгчдийг харилцан солилцох, бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов. Пакистаны тал “Бүс ба зам” санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Дааасүрэн мөн өдөр Пакистаны парламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд хатагтай А.Аббас, ГХЯ-ны Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хариуцсан Үндэсний зохицуулагч З.Ахмад болон Монгол Улсаас Пакистан улсад суугаа Өргөмжит консул Н.Халид нартай тус тус уулзаж дэлгэрэнгүй ярилцав.