"Петрочайна дачин тамсаг" ХХК-ийг дотоодын аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов
5 сарын 8, 2018

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаны хүмүүс Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн ерөнхий захирал Зян Вейдун нар гурван талт уулзалт хийлээ. Энэ үеэр Засаг дарга М.Бадамсүрэн "Дорнодын политехникийн коллежийг төгссөн 200-300 боловсон хүчин бэлэн байна. Тэднийг юун түрүүнд ажлын байраар хангах ёстой. Гэтэл тэднийг ажилд авахгүй байна. Мөн туслан гүйцэтгэгч болон тендерт шалгарсан дотоодын компаниудыг ажлаар хангахгүй байгаа" гэдгийг хэлж байсан. Салбарын сайд дээрх асуудалтай холбогдуулан "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудад дотоодын компаниудыг ажлын байраар хангах, олборлолтын операторыг заавал орон нутгаас авах, худалдан авалтаа ил тод, нээлттэй болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх, замын бүтээн байгуулалтаа хийж дуусгах зэргийг үүрэг болголоо.