Н.Алтанхуяг “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” байгуулснаа зарлав
12 сарын 19, 2018

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлох, шударга бус байдлыг таслан зогсоох зорилгоор “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” (НМХ) байгуулснаа өнөөдөр зарлав.

Тэрбээр, “Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт этгээдүүдээр дүүрч байгааг бид харж байна. Монголчууд өнгөрснөө дүгнэж, муу муухайг цэвэрлэх, эх орноо хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон. Тиймээс НМХ-ийг байгуулж, Монголын төрд шударга ёсыг сэргээх, байгалийн баялгийг нийтийн өмч болгох, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө ажиллана. Монголд шударга ёсыг тогоохын тулд Монгол төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан, иргэдэд очих ёстой зээлийг өөртөө авсан УИХ-ыг нэн яаралтай тараах тэмцлийг эхлүүлнэ. Мөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол заавал шийтгэлээ хүлээдэг нийгмийг цогцлоож, “60 тэрбум”-ын хэрэгтнүүдийг шударга шүүхийн өмнө авч очих болно. Түүнчлэн УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор явдаг байдлыг зогсоож, намууд өмчтэй байхыг хуулиар хориглож, Монголд шударга сонгууль болдог нийгмийг байгуулахын төлөө ажиллана. Байгалийн баялгийг бүх нийтийн өмч болгож, тусгай зөвшөөрлийн наймааг таслан зогсоож, стратегийн ордуудаас төсөвт ордог орлогыг нэгтгэн Баялгийн санд төвлөрүүлэх замаар Монголын өрийг төлөх, авлигачдын мөнгийг хурааж, иргэдийг орон сууцжуулахад зарцуулахын төлөө ажиллах болно. Чинээлэг дундаж давхарга байгуулахын төлөө ажиллаж, шатахуун болон гол хэрэглээний барааны үнийг хазаарлаж, иргэдийн цалин хөлс, орлогыг нэмэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бүх ажлыг эхлүүлж, Монголын төрд шударга ёс тогтоохын төлөө НМХ-д нэгдэхийг иргэддээ уриалж байна” гэв.