Ц.Нямдорж: "Нууц" гээд үзүүлдэггүй материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байна
5 сарын 8, 2018

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээллийг зарим гишүүд хөндсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй, яллагч нь “нууц” гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтын байгууллагатай УИХ-ыг төлөөлөн харилцдаг ганц Байнгын хороо нь Хуульзүй. Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаатай холбоотой асуудал ноцтой хөндөгдөөд байгаа энэ нөхцөлд Хууль зүйн байнгын хороо байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүний хувиар төдийгүй Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хэлье" гэв.

А.ДЭЛГЭР