Автобус Замын-Үүдийн төв хаалгыг мөргөж хоёр хүн нас барж, 30 хүн гэмтжээ
1 сарын 8, 2019

Нэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 цагийн орчимд Улаанбаатраас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан том оврын автобус нь Замын-үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарчээ. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг байсан “Honda universe” загварын автобус осолдсоны улмаас хоёр хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн байна. Ослын газарт очиж шалгахад автобусны жолооч 30 настай эрэгтэй болон зорчиж явсан 50 орчим насны нэр нь тодорхойгүй эмэгтэй хүн нас барсан байжээ.

Одоогоор тус ослыг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгах ажлын хэсэг гарсан бөгөөд хурд хэтрүүлсэн эсэх, жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэх, техникийн хэрэгсэл бүрэн бус байсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Ослын газарт Замын-Үүд сумын замын цагдаагийн алба хаагчид, шинжээчдийн баг, прокурор зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан.

Харин гэмтсэн зорчигчдыг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Одоогийн байдлаар гэмтэл авсан иргэдээс биеийн байдал хүндэрсэн зүйлгүй нарийн шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэгт орж байгаа талаар албаныхан мэдээлэв. Зорчигчдыг шинжилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсоны дараа Улаанбаатар хот руу галт тэргээр тээвэрлэж авч явахаар болсон байна.