Хотын мэр асан Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг газрын наймаанд холбогдуулан шалгаад үзээч!?
1 сарын 8, 2019

-Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь 13200 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр худалдаж авсан асуудалд нь тухайн үеийн Хотын дарга Г.Мөнхбаяр, одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг холбогдуулан шалгаач, эрх баригчдаа-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарган ажлаа хүлээлгэн өгөөд яг нэг сарын хугацаа өнгөрлөө. Шинэ Засаг дарга томилох хүртэл түүний үүргийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа ч үндсэндээ утаа униар, түгжрэл сааталдаа гацсан Улаанбаатар бүтэн сар эзэнгүй байна.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгчээр НИТХ нь ч хурал биш болсон энэ улсын хувь заяа хоног өнгөрөх тусам хэрхэх нь учир битүүлэг, оньсого таавар болсоор. Хэрүүлтэй, хэлцэлтэй ч хот даргатай болох нь болно. Гэхдээ хамгийн их горьдлоготой, өөрийгөө бараг болчихсон мэт сээхэлзэж яваа нөхөр нь НИТХ-ын дарга С.Амарсайхан гэж байгаа. Хэдэн төлөөлөгчдөө ч олигтойхон удирдчихаж чадахгүй, бусдын хүндлэл дээдлэлийг өнөө хэр хүртэж үзээгүй шахам энэ хүн бүхэл бүтэн нийслэлийг удирдаж дөнгөх үү.

Ядаж байхад Монголын нууцлаг тэрбумтнуудын нэгээр нэрлэгдэж, газрын наймаачдын залгамж халаа болсон гэгдэх түүнд итгэл хүлээлгэнэ гэвэл нийслэлчүүд яагаад ч таатай хүлээж авахгүй нь тодорхой. 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр АТГ-т хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.767 тэрбум төгрөгийн үнэ бүхий тансаг орд харш, 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 65 саяыг хадгаламжиндаа дарчихсан. Бусдаас 4.5 тэрбум төгрөгийн авлагатай, “Оюуны ундраа” групп, “МСГ” ББСБ-аас 37.052 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлж, өөрийгөө нууцлаг тэрбумтнуудын нэг гэдгийг илэрхийлсэн.

Гэхдээ түүний эзэмшил хөрөнгө АТГ-т мэдүүлсэн төдийхнөөр хязгаарлагдахгүй гэдгийг нийслэлчүүд даяараа мэддэг бололтой. Ямартаа Зайсан толгойн ард байрлалтай “Зайсан хилл” нэрт соёл, амралтын нүсэр том, тансаг зэрэглэлийн цогцолборын нэлээдгүй хувийн С.Амарсайхан эзэмшдэг гэх яриа баримттай, баримтгүй амнаас ам дамжсаар удлаа. Тэрбайтугай тус цогцолбор газрын дорх 4.41 га газрыг НИТХ-ын, өдгөө Хотын даргын суудалд горилогч эрхэм С.Амарсайхан эхнэр хүүхдийн хамт эзэмшдэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалтын бүсэд эзэмшдэг газрууд нь эхнэр хүүхдүүд, ах дүү, төрөл садангуудын нь нэр дээрх компаниудад данстай гэх мэдээлэл хэвлэлийн хуудсуудаар дүүрэн. Хамгийн увайгүй мэдээлэл нь, С.Амарсайхан гуай Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрын аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан гэж байгаа.

2002 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын газрын тухай хуулийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд нээлттэй дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах заалт уг нь бий. Гэтэл С.Амарсайханы гэр бүлийн эзэмшилд байдаг гэх “Собт трейд” ХХК тус газрын нэг мкв тутмыг нь 2008 онд 396 төгрөгөөр ямар нэгэн дуудлага худалдаагүйгээр авсан байгаа нь ёстой но-той бөгөөд ноцтой мэдээлэл юм.

Энэхүү но-той худалдан авалтад тухайн үеийн Хотын мэр Г.Мөнхбаярыг холбогдуулан харддаг юм билээ. 2008 онд Монгол Улсын эдийн засаг дорой байснаас үүдэлтэйгээр газрын үнэлгээ бага байсан уу гэвэл үгүй. Дэд бүтэц, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, хотын төвөөс алслагдмал одоогийн Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд байрлах 25 га газрыг “Богд Асар” ХХК 3.3 тэрбум төгрөгөөр буюу нэг мкв талбайг нь 13200 төгрөгөөр 2007 онд авсан байдгаас үзвэл газрын үнэлгээ байршлаас үл хамааран чамгүй өндөр үнэтэй олгогддог байсан нь харагдаж байна.

Тэгэхэд С.Амарсайхан даргын гэр бүл хотын А зэрэглэлд багтах, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, баячуудын хамгийн ихээр амьдардаг Зайсангийн амд байрлах газрыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 33 дахин бага үнээр буюу 0.07 га талбайтай гэр хорооллын газрын үнээс ч хямдхан авсан байгаа нь хардлага төрүүлэхээс аргагүй.

Тийм учраас хотын дарга асан Г.Мөнхбаярыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгнө гэх иргэд ч бас байна.

Учир нь “Собт трейд” ХХК-ийн хэтэрхий хямд үнээр худалдан авсан газар ганц үүгээр хязгаарлагдсангүй. 2012 оны хоёрдугаар сард мөн л Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 13200 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан байдаг.

Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан энэхүү газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч  удалгүй буцаан сэргээсэн байгаа юм. Тухайн үеийн хотын мэр Г.Мөнхбаярт авлигал өгсөн байж магадгүй гэгдэж, олон нийтийн бухимдлыг асаагаад буй “Собт трейд” ХХК нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Оюуны ундраа” группийн байранд байрладаг бөгөөд тус компанийн Зайсангийн аманд эзэмшиж буй газрын төлбөрийг ямагт “Оюуны ундраа” групп төлсөөр ирсэн байгаа нь энэ бүгдэд НИТХ-ын дарга С.Амарсайханыг хүссэн хүсээгүй чирж, нааж ойлгохоос аргагүй байдалд оруулж байгаа хэрэг.

Тухайлбал, “Собт Трейд” ХХК-ийн Зайсанд эзэмшдэг газрын 2017 оны төлбөр болох 23.406 сая төгрөгийг “Оюуны Ундраа” групп өмнөөс нь дөрвөн удаагийн гүйлгээгээр төлсөн байгаагаас үзвэл “Оюуны Ундраа” групп болон “Собт Трейд” ХХК нарыг хоорондоо харилцан хамааралгүй гэж үзэх үндэсгүй гэдгийг өдөр тутмын хэвлэлүүд онцолж байна.

Газрын тухай хууль батлагдсанаас хойших 17 жилийн хугацаанд Нийслэлийн нийт иргэдийн ердөө 20 орчим хувь нь л газраа өмчилсөн гэх статистик мэдээлэл бий. Газрын албаныхны хүнд суртал, чирэгдүүлэлт их байгаатай холбоотойгоор жирийн иргэд он удаан жил, үе улиран амьдарсан газраа өмчилж чадахгүй байхад эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс тусгай хамгаалалттай бүс нутагт их хэмжээний газрыг маш хямд үнээр аливаа чирэгдэл хүндрэлгүй эзэмшиж, ашиглаж байгаагийн нэг жишээ нь яалт ч үгүй С.Амарсайханы нэр холбогдсон дээрх газрын асуудлууд байна.

Ийм ноцтой, но-той мэдээллийн эзэд болсон 2008-2012 онуудад Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр, өдгөөгийн НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг АТГ болон Прокурор, бусад хууль хяналтын байгууллагууд нь татаж шалгах шаардлагатай байтал эсрэгээрээ мань С.Амарсайхан хотын дараагийн дарга болохоор сэрүүн зүүдэлж яваа нь хэр ёс зүйтэй хэрэг вэ. Ийм но-той нөхөр хотын дарга болчихвол ёстой ард түмнийг цагаан цаас, тэнэг мулгуу амьтад хэмээн дорд үзэгсдийн ээлжит нэгэн даапаалал болох бус уу.