УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
1 сарын 9, 2019

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, 09.00 цагт хуралдах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол, Беларусь улс хооронд байгуулсан гурван гэрээг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх юм. Үүнд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ багтаж буй юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл болон Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтооолын төслийг хэлэлцэх юм.