Хөл бөмбөгийн ДАШТ-ий аваргын цомыг Монголд анх удаа авчирлаа
4 сарын 23, 2018

Хөлбөмбөг сонирхдог, шүтэн биширдэг хүмүүст зориулж анх удаа ДАШТ-ний цомыг дэлхий тойруулсан юм. Энэхүү аялал нь хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдэд цомыг нүдээр үзэж, хамт зургаа татуулах ховор боломжийг олгодог. Учир нь бусад үед зөвхөн Цюрих дэх FIFA-ийн Дэлхийн хөлбөмбөгийн музейд байрлах бөгөөд ДАШТ-ний аваргын төлөөх тоглолтын үеэр л тэмцээн болж буй улсад аялуулдаг аж.

2006 оны ДАШТ-ний үеэр цом дэлхийн 29 орноор аялуулж, 175 мянган шүтэн бишрэгчид үзэж, ийнхүү уламжлал болгосон байна. Харин Африк тивд анх удаа зохиогдсон 2010 оны ДАШТ-ний үеэр цом дэлхийн 84 оронд очсон бөгөөд 50 улс нь Африкийн орон байсан юм. Ойролцоогоор нэг сая гаруй хүн цомтой зургаа татуулжээ. 2014 оны ДАШТ-ээс өмнө нийт 267 өдрийн хугацаанд дэлхийн 90 орноор аялуулж, 1,3 сая хүн үзэж сонирхсон аж.

2017 оны есдүгээр сард Coca-Cola энэ жилийн ДАШТ-ний цомын аяллыг Москвагаас эхлүүлсэн. Аваргын цом арван хоёрдугаар сар хүртэл ОХУ-аар аялуулж, одоо дэлхийн зургаан тивийн 50 орноор яваа билээ. Тэгвэл алтан цомыг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд залж, Шангри-Ла Моллд олон нийтэд нээлтэй үзүүлсэн юм.