"Aspire Mining" нүүрсний туршилтын тээврээ эхлүүлэхээр төлөвлөж байна
5 сарын 8, 2018

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Хөвсгөл аймгийн нутагт байрлах “Нүүрстэй” төсөлдөө ихээхэн анхаарч байна. Энэ ордын талбай дээр 2018 онд 54 өрөмдлөг хийх төлөвлөгөөгөө Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулсан бөгөөд ойрын хугацаанд ажлаа эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. Мөн “Нүүрстэй” төсөлтэй ойролцоо байрлах ордоос 100 мянган тонн нүүрс худалдаж авахаар Төрийн өмчит “PSST” ХХК-тай гэрээ байгуулжээ.

Энэхүү нүүрсийг одоо байгаа төмөр замаар тээвэрлэн БНХАУ, ОХУ, БНСУ, Японы зах зээлд экспортолж, "Нүүрстэй" төслийн ТЭЗҮ-д ашиглах зорилгоор тээвэр логистик, өртөг зардлыг нь тооцох төлөвлөгөөтэй байгаа аж. “Aspire Mining” компани “Нүүрстэй” төслөөс гадна “Эрдэнэт-Овоот” чиглэлийн 547 км урт төмөр зам барихаар зорьж байна. Төмөр замын барилгын ажлын хүрээнд “China Gezhouba Group”-тай хамтран ажиллахаар болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “China Gezhouba Group” энэхүү төмөр замын төслийн хүчин чадлыг баталгаажуулах хүртэл хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргах хугацаагаа сунгахаар болсон юм