М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх эсэхийг хэлэлцэж эхэллээ
1 сарын 29, 2019

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболд болон тогтоолын төсөл санаачлагаас асуулт асууж, хариулт авч байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн “УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани худалдан авсан хэрэгтэй холбоотой юу. Үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан уу” хэмээн тодрууллаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ч хоёр удаа жагсаал, цуглаан зохион байгуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай шууд хамааралтай гэж хэлэхгүй. Саяхан тус үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компани худалдан авсан тухай мэдээлэл гарсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд О.Баасанхүү гишүүн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани авсан талаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг танилцуулсан. Тухайн үед УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байсан юм. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д олонх болсны дараа ажлын хэсэг гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгуулж, улмаар төрийн мэдэлд авах тогтоол гаргасан ч шүүх байгууллага дээр гацаж байна” хэмээв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой ажиллах боломжийг үгүй болгож байна. Дараагийн УИХ-ын дарга үүрэгт ажлаа хүлээн авсны дараа бусад гишүүд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулаад өргөн барихад мөн л чөлөөлнө гэсэн үг. Олонход таалагдахгүй бол бөөнөөрөө нийлж огцруулдаг аюултай жишиг рүү явж байна. Энэ залуус буруу жишиг тогтоож байна. Хожим үүсэх бүхний хариуцлагыг та бүхэн үүрнэ шүү. Парламентын асуудлаа ярих гэхэд О.Баасанхүү бид хоёроос өөр үг хэлэх хүн ч алга. Бид парламентын асуудлаа ч ярьж чадахгүй байна” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Улс төрийн нөхцөл байдал намжсаны дараа энэхүү хуулийг хэрхэн өөрчлөх талаар УИХ-ын гишүүд, намын бүлгүүд ярилцах хэрэгтэй” гэв.

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байгаа. Энэ асуудал үүсэхээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй байсан юм. Ингэсэн бол УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй” гэсэн юм.

Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын даргыг “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон эсэхийг тогтоогоогүй байхад гишүүд тухайн хэрэг үнэн мэтээр ярьж байгаа нь буруу гэдгийг Д.Хаянхярваа гишүүн дурдлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 19 гишүүн оролцлоо.