М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө
1 сарын 29, 2019

УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Чуулганд 65 гишүүн оролцсноос 43 гишүүн буюу 66.2 хувь нь УИХ-ын даргыг чөлөөлөхийг зөвшөөрлөө.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдхөөр болов.

УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбоотойгоор гишүүдийн хэлсэн саналыг хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

УИХ-ыг даргыг чөлөөлөхийг дэмжиж 39 гишүүн гарын үсгээ зурлаа. Гадаа хүйтэнд 30-40 мянган хүн жагсаж, өлсгөлөн суулт хүртэл зарлаж байна. Энэ нь их өөрчлөлтийг хүсэж байгаагийн илэрхийлэл. УИХ-ын даргын хувь чанараас илүүтэй 28 жил Монгол төрийг удирдсан, авч явсан хүмүүсийн эсрэг тэмцэл болж байна. Түүний нэг төлөөлөл нь М.Энхболд даргыг гэж олон нийт үзэж байна. М.Энхболд даргатай адил олон жил Монгол төрийн толгойд бодлого шийдвэр гаргаж ажилласан хүмүүс энэ танхимд ч, гадна талд ч байгаа. Гадна байгаа зарим хүн нь ял шийтгэлээ сонсож, шалгагдаад явж байна. Өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй цаг нь болсон. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монгол Улс 28 миллиард ам.долларын өрөнд орсон. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт бий болчихлоо. Хууль шүүхийн хараат бус байдал алдагдсан нь үнэн.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Өнөөдөр УИХ-ын даргын асуудал шийдэгдээд явах байх. Цагаан сарын өмнө бодвол шинэ УИХ-ын дарга томилогдож УИХ-ын үйл ажиллагаа хэвийн горимдоо орно гэдэгт найдаж байна. Хамгийн гол нь цаашдаа УИХ-ын гишүүд нь ч хариуцлагатай, УИХ-ын дарга нь УИХ-ын үйл ажиллагааг сайтар нарийн зохион байгуулж жигд хэвийн үргэлжлүүлэх тал дээр хаана хаанаа анхаарч хариуцлагатай ажиллаасай гэж хүсч байна. Цаашид ажлаа л хиймээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Монголын парламент өнөөдөр нэгэн шинэ нөхцөл байдлаар хуралдаж байна. Нэг хүнд хариуцлага тооцно гэхээсээ илүүтэй парламентын төлөвшлийг яаж авч явах вэ гэдэгт өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал сургамж болох байх гэж харж байна. Парламент бол өөрөө улс орныг хөгжүүлэх мэтгэлцээний талбар байх ёстой. Ард түмнийхээ өдөр тутмын амьдралыг сайн сайхан болгох талаар ярилцаж хэлэлцэж байх ёстой танхим. Харамсалтай нь бид сүүлийн хоёр сар гаруй хугацаанд улс орны бүх асуудлыг орхигдуулж, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тойрч цаг хугацаагаа алдаа. Гишүүдийн хэлж байгаанчлан УИХ-ын даргыг огцруулчихвал маргааш нь ард түмний амьдрал сайн сайхан болох мэт ярьж байна. УИХ-ын гишүүн парламентын танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүйд би шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын гишүүд энэ танхимд орж ирэхээрээ бүхнийг мэддэг болчих юм. Мөн дээрээс нь хувийнхаа эрх ашгийг хамгаалсан байдлаар зөрүүтэй үйлдлийг хийх ёсгүй. Гишүүд нь эхлээд ёс зүйтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Бид УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг л огцруулах гэж төрийн дээд байгууллагын үйл ажиллагааг хоёр сар гаруйн хугацаанд гацаалаа. Иргэдэд хэрэгтэй хуулиуд хойшлогдлоо. Иргэдэд нэн түрүүнд шаардлагатай байгаа зүйл нь ажилтай, орлоготой болохыг мөн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээг чирэгдэл, хүндрэл сурталгүй авдаг болохыг хүсч байна. Энэ оны нэгдүгээр сараас Төрийн албан хаагчдын цалинг багахан хувиар ч гэсэн нэмсэн нь талархууштай. Гэхдээ хөдөлмөр эрхлэх насны нийт хүний 80 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна.