НҮБ-ын REDD хөтөлбөрт ХААИС-ийн багш нар ажиллаа
4 сарын 8, 2019

Монгол орны ой, байгаль орчны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын REDD хөтөлбөр 2019.3.27-нд үр дүнгийн хурлаа хийж, ололт амжилтаа дүгнэлээ. НҮБ-ын хамтарсан санаачлагаар ойн хомсдол, доройтлоос  үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах REDD хөтөлбөр нь 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол улс 2011 онд Хөтөлбөрийн түншлэл орон болж, 2014 оноос хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд олон төсөл, судалгаа хэрэгжиж, ХААИС-ийн эрдэмтэн багш нар ажилласан юм. Тухайлбал, АЭС-ийн Экологийн тэнхмийн эрхлэгч, доктор М.Хишигжаргал “Монгол орны ойн экологи эдийн засгийн үнэлгээг боловсруулах аргачлал”, “Монгол орны ойн суурь түвшин тогтоох үнэлгээ хийх судалгаа”, Таримал судлал, ой, ландшафтын тэнхмийн ахлах багш, доктор Д.Дэлгэржаргал “Ойгоос гарах модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний үнэлгээ”, “Ойн хомсдол доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, ЭЗБС-ийн ахлах багш, доктор Г.Ганзориг “Монгол орны ойн экологи эдийн засгийн үнэлгээг боловсруулах аргачлал”, “Ойн санхүүжилтийн механизм болон Монгол орны REDD+ үйл ажиллагааны төлөвлөгөөний санхүүжилтийн хувилбаруудын үнэлгээ” зэрэг судалгаануудад зөвлөхөөр ажилласан.

 Түүнчлэн М.Хишигжаргал, Д.Дэлгэржаргал нар REDD хөтөлбөрийн тусламжтайгаар Ойн мэргэжлийн оюутнуудад шинээр “Ой ба уур амьсгалын өөрчлөлт” хичээлийн хөтөлбөрийг боловсруулан, анги танхим тохижуулж, үзүүлэн самбар, видео хичээл, сурах бичиг бүхий цогц хичээлийг бэлэн болгож 2018-2019 оны хичээлийн жилээс  эхлэн зааж байгаа билээ.

Цаашид Монгол орон тус хөтөлбөрөөс боловсруулсан “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чиглэн ажиллахаар болоод байна.