Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаах гэж байгаа бас нэг хэрэг
5 сарын 15, 2019

 Эдийн засагч гэх Л.Наранбаатар худалдаж авсан компанийнхаа мөнгийг өгөлгүй 7 жил болсон талаар иргэн Т.Ариунтулга манай сайтад хандлаа. Түүнээс болсон явдлыг тодрууллаа.


-Та ямар учраас манай сайтад хандах болов. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-2012 оны зургадугаар сард “Гложекс” ХХК-ийн захирал, эдийн засаг Л.Наранбаатар надаас тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийг маань худалдаж өгнө гээд зээлийн гэрээ хийгээд авсан. Тухайн үедээ надад цөөхөн хэдэн төгрөг өгөөд үлдсэн мөнгөө өгөлгүй 7 жил болж байна. Гэтэл зарж өгнө гэсэн компаниа Америкийн хөрөнгө оруулалттай “AHG metals group” ХХК-д 1.4 сая доллараар зарчихсан байгаа юм. Тэгсэн хэрнээ надад өгөх ёстой мөнгөө өгөөгүй.

-Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаагүй юм уу?

-Хандсан. Гэтэл энэ сарын 13-ний өдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаачихсан. Мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талаар тодруулах шаардлагатай байна гэсэн. Би үүнийг хардахдаа хууль хяналтын байгууллага хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахын тулд зориудаар мөрдөн байцаалтад буцааж байна гэж үзэж байгаа. Цагдаа нь нотлоод, прокурор нь шүүхэд шилжүүлээд байхад аль хэдийнэ гадны компанид зарчихсан тусгай зөвшөөрөл нь энэ хэрэгт хамаагүй.

Үүнийг би их гайхсан. Тэгээд шүүхээр оруулахгүй гэж ингэж байна гэж бодож байна.

-Та зээлийн гэрээгээр компаниа өгсөн юм байна. Тиймүү?

-Тийм. Зээлийн гэрээгээр өгсөн. Тэр үед надад хоёр автомашин өгсөн. Хоёр автомашин шүүх цагдаа дээр очихоороо л өгсөн гээд байгаа боловч одоо хүртэл нэг машин нь надад байдаггүй. Миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. 

Саяхан Сүхбаатар дүүргийн шүүхэд тэр машинаа авна гэж хүсэлт гаргасан байсан. Энэ хэрэг Иргэний хэргийн шүүхээр ороод гэрээ хийж энэ хүнд өгчихөөд эргэж машинаа авна гэж юу яриад байгаа юм бэ гэж Давж заалдах шатны шүүхэд очоод эргэж миний талд шийдэгдсэн. Ингээд залилан хийгээд явж байгаа тодорхой үйлдэл байхад л байхгүй зүйлийнх нь тусгай зөвшөөрлийг эргэж судлахаар мөрдөн байцаалтад буцаадаг нь ямар ч утга авцалдаагүй.

-Жаахан юм өгөөд л компани зарсан хэрнээ мөнгийг минь өгөөгүй гэж байна. Тэр жаахан юм нь хоёр машин юм уу. Энэ хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй юм уу?

-Өгсөн. 2012-2013 онд нийтдээ 400-аад сая төгрөг өгсөн. Тэрнээс хойш 6 жил хөөцөлдөж хууль цагдаагийн байгууллагаар гүйж байна. Мөнгөтэй хүмүүс дийлддэггүй юм байна.

-Одоо хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа вэ?

-Нийтдээ 1.3 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа.

-Л.Наранбаатар гэдэг хүнтэй биечлэн уулзаж үзсэн үү. Яагаад мөнгийг тань өгөхгүй байгаа шалтгаанаа хэлсэн үү?

-Үгүй. Уулзаагүй. Би чамд мөнгийг чинь өгөхгүй гэдэг. Өгөхгүй гэх энэ үйлдлийг нь шалгуулах гээд жил гаруй гүйгээд дийлэхгүй байна. Би 2017 оны 12 сараас эхлээд жил гаруй хугацаанд шалгаж явсаар шүүх дээр ирэхэд шүүх нь тусгай зөвшөөрлийн талаар тодруулна гээд мөрдөн байцаалтын шатанд буцаачихлаа. Үүнийг л би маш их гайхаж байна. Энэ талаарх бүх баримт нотолгоо хавтаст хэрэгт байгаа.  Үйлдэл нь намайг залилсан болохоос гадны компанид  зарсан компанийн тусгай зөвшөөрлийг судлана гэхээр авцалдахгүй байна.

Шүүх цагдаа бүх зүйлийг хүлээсэн боловч ийм байдалтай байна. Үүнийг би 7 жил дугаралгүй хүлээсэн. Эцэст нь би шүүхийн шийдвэрийг гайхсандаа өнөөдөр танайд хандаж байна.



Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.