Махны үнэ
10 сарын 4, 2019

Махны үнэ энэ хавар тэнгэрт хадаж иргэдийг сөхрүүлэх шахав. Хавартай харьцуулахад махны үнэ нэлээд буурчихжээ. Цаашаа лангуунд нь махны үнэ 200 төгрөгөөр хямд байна. Бид чинь ямар гулуузаар нь мах авах биш байгаа мөнгөндөө тааруулан мах авахаар ирсэн хэмээн иргэн Б.Дашдаваа бидэнд учирлав. Түүнтэй “Хүчит шонхор” захын хонины махны лангуунд  таарсан нь энэ юм.  

Хүчит шонхор” захад өглөөний 08.30 цагийн байдлаар жижиглэнгийн хонины цул мах 7000-7800, адууны мах 8000-8500, үхрийн мах 9500-11500, ямааны мах 7500-9000 төгрөг байна. Харин бөөний үнээр хонины цул мах 5100-5600, адууны мах 6000-6300, ямааны мах 6000-6500 төгрөгийн хооронд байна.

Махны үнэ долоо хоног бүр өсөлттэй байгааг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Тухайлбал, аравдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9549 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11252 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 101 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 58 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Мөн  хонины ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.