Ажилтан нь хүнд гэмтэл авсныг “Хүннү Эйр”-ийнхэн цагдаад мэдэгдсэнгүй
10 сарын 16, 2019

Энэ сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан өндрөөс унаж хүнд гэмтэл авчээ. Энэ осол оройн 23.25 цагт болсон бөгөөд 23.42 цагт Түргэн тусламжийн 103-аар авч явсан тухай “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын жижүүрийн тэмдэглэлд бичигдэн үлдсэн байна. Харин энэ тухай цагдаагийн байгууллагад огт мэдэгдээгүй байна. Тэр бүү хэл, тус компанид жил гаруй хугацаанд ажиллаж байгаад осолд орсон О.Мэргэншагай гэх техникч залуугийн талаарх мэдээллийг үеэл ахад нь өгөхөөс цааргалжээ. Удирдлагууд нь зугатаж, зарим нь бие бие рүүгээ бухаж, дараагийн шатныхан нь огт мэдээгүй байсан тухай үеэл ах нь “ОТВ”-ээр мэдээлэв.

Нэр хүнд бүхий ийм том компани нэг ажилтнаа онгоц бүтээх гэж байгаад унаж хүнд бэртэл авсныг дуулаагүй байна гэж үгүй, харин тоохгүй байна гэвэл үнэнд ойртох байх. Техникч О.Мэргэншагайн хувьд “Гавлын ясны цууралт, хугаралт, тархины суурь яс цууралттай” гэсэн оноштойгоор өчигдөр өглөөний 07 цагийн үед тархины хагалгаанд орсон боловч биеийн байдал муу, дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн байна. Гэтэл ослын газарт анхны үзлэг хийсэн эмч н.Ариунболд “Өндрөөс унасан байх магадлалтай. Ухаан санаа эрүүл, ил шарх сорвигүй” гэсэн магадлагаа бичсэн байгаад ах нь гомдож байгаагаа хэлж байв. Мөн “Хамт байсан хоёр хүмүүсээс нь “Яагаад цагдаад мэдэгдээгүй юм бэ” гэхэд “Өөрөө өргөдөл гаргаагүй учраас цагдаад хэлээгүй” гэсэн хариулт өгч байна. Ухаангүй байгаа хүн яаж өргөдөл гаргах юм бэ” хэмээн бухимдаж байсан. Нэгэнт цагдаад дуудлага өгөөгүй болохоор ослын газрын үзлэг огт хийгдээгүй гэсэн үг. Хэргийн газрын үзлэггүй болохоор нотлох баримтгүй гэсэн үг. Осол болсон газар болох “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан болохоор “Энэ бол манай асуудал биш.

Харин манай харилцагч авиа компанийн асуудал” гэсэн бол “Хүннү Эйр” ХХК болохоор “Энэ бол үйлдвэрийн осол. Бид зугтаахгүй, алга болохгүй шүү дээ” гэсэн хариулт өгснийг үеэл ах нь гар утсан дээрээ бичиж авчээ. Монгол хүний амь үнэгүйдсэн өнөө цагийн өнгө ийм ажээ.