АТГ-ын эзэмшилд байсан газрын эрхийг цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргав
10 сарын 16, 2019

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2019.10.15/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ-т орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Улмаар 2018 онд нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан байжээ.

Баянгол дүүргийн тухайд нийтийн эзэмшлийн талбай багатай, олон нийтэд зориулсан бичил цэцэрлэг цөөнтэй. Тиймээс хотын захирагч С.Амарсайхан тухайн газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшилд өгч буй юм. Тус байгууллага дээрх газарт ямар нэгэн обьект барихгүй бөгөөд, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байгаа аж.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Иймд нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буйг гэдгийг холбогдох албаныхан онцолжээ.