С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа
5 сарын 10, 2018

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал боллоо. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал цахимаар оролцсон юм. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг АТГ-аас Оюутолгойн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шалгах явцад саад учруулж болзошгүй хэмээн цагдан хориод буй юм. Уг хурлаас Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаах шийдвэр гарлаа. Мөн тэдэнд хилийн хориг тавьсан байна. Харин Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадралын тухайд таслан сэргийлэх арга хэмжээг мөн шүүхээс өөрчилж батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан юм.

А.ДЭЛГЭР