БНХАУ-ын иргэдээс 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авчээ
11 сарын 1, 2019

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтран энэ сарын 29-ны өдөр /2019.10.29/ тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан  өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютертэй, 10 мянган утасны дугаарыг хураан авсан. Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.

Харин тэд цахим орчинд мөнгө угаах ажлыг тоглоом болон бусад хэлбэрээр дамжуулан хийсэн байх магадлалтай байсан гэдэг. Ингэхдээ Mobile Farm, Click Farm ашигласан нь тодорхой болсон гэж эх сурвалжууд мэдээлж буй. Одоогоор тэднийг байрлаж байсан буудлынх нь хонгилд түр саатуулан шалгаж байгаа юм. Тэдний бичиг баримтыг шалгаад нутаг буцаана гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав мэдэгдсэн. Харин хэрэглэж байсан компьютер болон утаснуудад үзлэг, шалгалт хийж буй бөгөөд шалгалтын ажиллагаа дууссаны дараа дээрх иргэдийн чухам ямар ажил хийсэн нь эцсийн байдлаар тодорхой болно. Тэд хэрэглэж байсан утаснуудаа БНХАУ-аас авчрахаас гадна Тедигээс худалдан авсан гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Ингэхдээ 100 болон 200 аар нь өөр, өөр лангуунаас худалдан авч байжээ.

Харин хэрэглэж байсан дугаар нь Юнител голдуу Мобиком, Скайтел зэрэг үүрэн телефоны компанийнх байсан байна. Жи мобайлын цөөн дугаар байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Тагнуул болон Цагдаагийн газрынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудал руу орж шалгалтын үйл ажиллагаа явуулахад 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг бас юань, евро зэрэг гарч ирсэн байна. Тэд орнуудаа зэрэгцүүлэн тавьж гудсан доороо нуусан байжээ.