Богдын музей рүү буу шагайсан АПУ-тай тэмцье
5 сарын 11, 2018

Хотын төвөөс Зайсан чиглэл явах замд “Гэгээнтэн” гэх шил толь болсон барилгын замын эсрэг талд өнгө будаг нь хуучирсан нэгэн барилга буй. Энэ бол Амгалан энхийн хаалгаар мануулсан Монголын түүхийн үнэт өв, соёлын дурсгал бүхий VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Зуун жилийн нүүр үзэж буй түүхийн өлгий болсон энэ ордны дэргэдүүр ширүүхэн алхаад өнгөрөхөөс ч зүрх халгам.

Гэтэл өнөөдөр Богдын музейн хамгаалалтын бүсэд машин техник орж, газрыг нь ухаж, “АПУ” компани гэсэн лого бүхий чингэлэг буулгажээ. Түүхэн дурсгалт барилга, музейн дэргэд ямар учраас “АПУ” ХК ийнхүү газар ухаж, чингэлэг буулгах болсныг тодруулахыг зорилоо.


-ӨВ СОЁЛОО ХАМГААЛАХ ЗОРИГТОЙ САЙД АЛГА УУ-

2012 онд Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Бид хичнээн тэмцээд ч “АПУ”-г дийлдэггүй” хэмээн хэлсэн байдаг. Үүнээс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч музейн газартай холбоотой маргаан өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрэлгүй үргэлжилсээр байгаа юм.

Музейн зүгээс удаа дараа Засгийн газар, салбарын сайд, Нийслэлийн Засаг дарга, газрын албанд хандаж байсан ч хариу өгч шийдвэрлэж байгаагүй ажээ. Засгийн газрын 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор тус музейн газрыг 5.7 га байхаар хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоол гаргасан байдаг.

Тухайн үеийн Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гарын үсэгтэй уг тогтоолын хоёрдугаар хэсэгт “Хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгасугай” хэээн дурьджээ.  

2008 онд Хан-Уул дүүргийн газрын албанаас дээрх тогтоолыг зөрчиж, “АПУ” ХК-ийн охин компани гэгдэх “Ван трейд” (АПУ компанийн захирал Г.Батхүүгийн хөрөнгө орлогод мэдүүлсэн байдаг) компанид хамгаалалтын бүсэд газар олгож байжээ. Энэ зөвшөөрлийн дагуу “Ван трейд” компани музейн 1.6 га газрыг өнөөдөр эзэмшиж буй аж. Богд хааны ордонтой зэрэгцэн, музейн цэцэрлэгжүүлсэн талбайд АПУ-гийн асарт шар айраг худалдаалдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Зундаа согтуурхаж, хөлчүүрхсэн хүмүүс Богд хааны ордныг тойрч хог хаях энүүхэнд. Хашаа руу нь сарьчихаад яваад өгдөг тохиолдол ч бишгүй аж. Иймээс Нийслэлийн газрын албанаас хориг тавьж, газар чөлөөлөхийг шаардсан ч удаа дараа амыг нь таглах хариулт хэлсээр намжааж ирсэн байна.


Богдын музейг тойрон үйлчилгээний газрууд нэг нэгээр нэмэгдэж, Монголын нэгэн үеийн түүх болсон “алга дарамхан” газраас хувийн компаниуд, эрх мэдэлтнүүд хумсалсаар өнөөдөр газрынхаа гуравны нэгтэй л чүү ай үлджээ.

Ер нь музейн дэргэд архи, согтууруулах ундаа борлуулж иргэдэд үйлчилж буй нь хууль номоороо буруу биш юм гэхэд музейн үнэт өвүүдийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад эрсдэлтэй гэдгийг бодож үзсэн ч түүнийг эсэргүүцэх ганц ч сайд, дарга өнөөдрийг хүртэл гарч ирээгүй байна.

Музейн захирал аргаа барахдаа одоогийн Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хандаж яваа аж. Салбарын сайд нь түүх соёлоо хамгаалсан шийдвэр гаргах уу, АПУ-г хамгаалсан шийдвэр гаргах уу гэдэг хүлээлт энд үүслээ.


-ХУУЛИЙН ДЭЭР САНДАЙЛСАН ХУВИЙН ХЭВШИЛ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ-

АПУ компани музейн дэргэд асар барьж, үйлчилгээ эрхлэхэд музейд ямар эрсдэл, нөлөөлөл үүсэх талаар нэг ч удаа музейн удирдлагуудтай холбогдолгүйгээр өнөөдрийг хүрчээ. Уг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд урлаг, соёлыг дэмжсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг тус компанийн хувьд музейн газрыг булаацалдаж суух нь хэр зөв үйлдэл вэ. Түүнчлэн дан ганц пивоны асар төдий ойлголтод музейн хамт олон бухимдаагүй юм. Учир нь 2011 онд мөн л АПУ-гийн охин компани болох “Грийн эйр” (АПУ-гийн захирал Г.Батхүүгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэлтэй байдаг) гэх компани нь тухайн үеийн хотын даргын зөвшөөрлөөр музейн зүүн хэсэгт зочид буудал барихыг завдаж, музейн удирдлага, ажилтнууд хүчтэй эсэргүүцсэний дүнд зогсоож байжээ.

Энэ жил Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй учир АПУ компани дахин асар барихаар төлөвлөсөн байна. Гэхдээ энэ удаад машин техник оруулж, газар ухаж, хоёр гурван чингэлэг буулгасан нь барилга, байгууламж тэр тусмаа өмнө нь яригдаад өнгөрсөн зочид буудлаа барих гэж байна уу гэх хардлага төрүүлж буй юм.

“АПУ” компаниас уг асуудалд тайлбар өгөөгүй ч  “Зочид буудал барих асуудал огт байхгүй, асар л барина” гэх. Нөгөөтэйгүүр “АПУ”-гийн удирдлагууд гадагшаа ажлаар явсан тул уг асуудлуудад тодорхой хариулт өгөх боломжгүй байгаа аж.

Гэхдээ ирээдүйд үр хүүхдүүддээ бид “АПУ”-гийн архи, пиво өвлүүлэн үлдээхгүй. Харин зуу зуун жилийн түүхтэй өв соёлоо хайрлан, хадгалж үлдээх ёстой. Түүх соёлын үнэт өв бүхий энэ музейн ширхэг чулуунд ч хүндэтгэлтэй хандаж, АПУ компани зайгаа тавьж өгөх ёстой биш үү. Хуулийн дээр сандайлсан хувийн хэвшил гэж байж болохгүй.

“Хэрвээ өнгөрсөн үе рүүгээ гар буу шагайвал ирээдүй үе чинь чам руу их буугаар буудна” гэсэн үг бий. Тиймээс түүх соёл руугаа битгий “буу шагайгаач”.