Apple 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг компани болсноо зарлажээ
4 сарын 15, 2018

Apple компанийн бүх үйл ажиллагаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангагдсаныг өчигдөр зарлажээ.

Үүнд дэлхийн 43 улсад тархаж байрласан бүх дэлгүүрүүд, ажлын байрууд, дата төвүүд багтаж байгаа гэнэ. Зөвхөн өөрөө цэвэр эрчим хүчээр хангагдаад зогсохгүй хамтран ажилладаг нийлүүлэгчдээ бас ийм болохыг уриалж байгаа ажээ.

Энэхүү уриалгын үр дүнд нийтдээ 23 хамтрагч компаниуд нь мөн бүрэн сэргээгдэх эрчим хүчинд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болохоор ажиллаж эхэлсэн байна.

Өнгөрсөн онд ашиглалтад орсон Apple-ийн Apple Park нэртэй шинэ оффисийн барилга нь нарны эрчим хүчээр ажилладаг юм.

“Бид дэлхий ертөнцөө өмнө байснаас илүү сайхан болгох үүрэгтэй. Олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд бид энэ том зорилтод хүрлээ” гэж Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк хэлжээ.

2014 онд тус компани бүх дата төвүүдээ сэргээгдэх эрчин хүчээр ажилладаг болгосноо зарлаж байв. Одоо тэд Данид хоёр шинэ дата төв байгуулж байгаа ба эдгээр нь ажиллаж эхлэхдээ шууд сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдах гэнэ.