Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа
11 сарын 22, 2019

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

ҮХЦ-ийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашипг малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөлд дээрх хоёр зохицуулалтыг нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгож байгаа аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс өмнөх хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилж, АМНАТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ.