БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОС 100 АМ.ДОЛЛАР ХҮРНЭ ГЭВ
5 сарын 11, 2018

Ерөнхийлөгч Доналд Трампийн Ираны цөмийн хөтөлбрийн гэрээнээс гарах шийдвэрээс болж нэг баррель газрын тос одоогийн байдлаар 77 ам. доллар хүрээд байгаа юм. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад найман хувиар, энэ оны эхэн үетэй харьцуулахад 15 хувиар тус тус өсөөд байгаа билээ.

Тэгвэл Bank of America-ийн шинжээчдийн тооцоолсноор Ираний нефтийн экспорт болон Венесуэлийн нефть олборлолтын уналтаас  шалтгаалан 2019 оны төгсгөл үе гэхэд нэг баррель нефтийн үнэ 100 ам. доллар хүрнэ гэв. 

Тэдний тооцоолж буйгаар ирэх оны хоёрдугаар улиралд нефтийн үнэ нэг баррель нь 90 ам. доллартай тэнцэж ирэх төлөвтэй байгаа гэжээ.

Хөрөнгө оруулагчдын зүгээс Иран улсад эргэн хэрэгжиж эхэлсэн хоригийн улмаас нефтийн нийлүүлэлтэд гарсан хомсдол улам гүнзгийрүүлэх аюул үүсч байгаа нь санаа зовох асуудал болж байна.

Хоригийг эргүүлэн сэргээхээс өмнө, Ираны цөмийн хөтөлбрийн гэрээний хүрээнд тус улсын өдөрт экспортолж буй нефтийн хэмжээ нэг өдөрт 3.8 сая баррелиар хэмжигдэж байсан нь 2016 онтой харьцуулахад нэг саяар нэмэгдсэн үзүүлэлт байсан юм.