Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гарахад АХБ хамтран ажиллана
11 сарын 26, 2019

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг өчигдөр буюу энэ сарын 25-нд хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, АХБ Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс, ОУВС хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нь Монгол Улсын өмнө тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын дарга мөн онцлов.

Монгол Улс энэ сарын 13-нд 2020 оны төсвөө баталсан. Дэлхийн эдийн засгийн ойрын үеийн чиг хандлагатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт ирэх онд саарах магадлал бий. Түүнчлэн манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Тиймээс урт хугацаандаа экспортыг дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал зорилтын нэг боллоо. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк санхүүгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилтууд хүлээж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын банкны салбарт хийж буй өөрчлөлт амжилттай өрнөж байгааг тэмдэглээд, “саарал жагсаалт”-аас гарах, эдийн засгаа сайжруулахад нягт хамтран ажиллах болно хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, "Бид газрын тосны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ үйлдвэрийг барьснаар газрын тосны бүтээгдэхүүнээр хоёр хөршөөс хараат байгаагаа өөрчилнө. АНУ-ын зах зээлд Монголын нэхмэл бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй оруулах талаар хэлэлцэн тохирсон. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хөрш орнуудын том зах зээлд гарах боломж ойрын хугацаанд бүрдэнэ гэж итгэж байна" гэлээ.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийж, баталсанд УИХ-ын даргад баяр хүргэв.