Аммиакийн хий алдагдсан мах боловсруулах үйлдвэрээс дээж авч, шинжилгээнд өгчээ
12 сарын 2, 2019

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв Эко Мийт” ХХК-ийн махны боловсруулах үйлдвэрт арваннэгдүгээр сарын 28-нд аммиакийн хий алдагджээ.

Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд тухайн өдрийн 12:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч 1 автомашин, Тагнуулын газрын 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 2 албан хаагч, “Өв эко мийт” ХХК-ийн 12 ажилтан, 2 автомашин, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 11:10 цагт тус компанийн яс хадгалах 4 дүгээр камерт Гастек багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар хэмжилт хийхэд угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй байна.

Харин малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд 08:30 цагт хэмжилт хийхэд 30 ppm, 15:00 цагт хэмжилт хийхэд 10 ррm тус тус аммиак илэрчээ.

Хөргүүрийн 3 дугаар камерт хадгалж байсан яс, хөрс, уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газраас лабораторийн шинжилгээний дээж авсан байна. Мөн өдрийн 14:00 цагт холбогдох мэргэжлийн байгууллагууд хуралдаж, дээж авсан шинжилгээнүүдийн хариуг хурдан гаргах, дараагийн арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.