"Эрдэнэт”-ийг шалгаж явна уу, эргэлтийн хөрөнгөө эргэж явна уу
1 сарын 14, 2020

“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшилтэй холбоотой хэрэг шүүхийн шатанд яваа ч төр буцаан авч, онц дэглэм тогтоох зэргээр багагүй “шоу” зохион байгуулсан. Угаас 51 хувь нь монголын, 49 хувь нь “ах” нарын өмч байх үеэс “саалийн үнээ” гэгдэж байсан тус үйлдвэр өдгөө 100 хувь төрийн өмчид хамаарах болсон.
Гэсэн ч “сахил хүртээд шал дордов” гэгчээр онц байдал тогтоогоод ч тусыг эс олж, тендер шахаа нь буурахаа байсан тухай мэдээлэл өдөр болгон л гарах боллоо.

Тиймдээ ч төр ойр ойрхон шалгалтын баг оруулдаг болжээ. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд АТГ, ЦЕГ, ТӨБЗГ, Сангийн яамнаас хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай үүрэг бүхий шалгалтын баг ажилдаа ороод байгаа аж. Тэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын өрөөнд үзлэг хийж, бүх бичиг баримтыг битүүмжлэн шалгаж байгаа гэнэ. Гэвч үүнийг зарим хүн шалгалтын баг гэхээс илүү шахаагаа хянаж байна гэж хардаж ч байгаа.

Тус үйлдвэрийн удирдлагууд зарим тендерээс тодорхой хувийг нь хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тодруулбал, хэвлэлийнхэн Х.Бадамсүрэн тэргүүтэй захирлууд хятадын компаниудад өндөр өртөг бүхий тендерүүдийг хууль зөрчин байж олгосон талаар мэдээлж байсан. 
Тиймээс төр энэ асуудлыг шалгахын зэрэгцээ “саалийн үнээ”-ний “дэлэн”-д хэдий хэр юм цуглаж байгааг давхар хянаж яваа гэлцэх хүмүүс ч байна. Нэгэнт онц байдалд байгаа үйлдвэрийг төр засаг, хууль хүчнийхэн хамтран шалгаад байхаар “Эрдэнэт”-ийг шалгаж явна уу, эргэлтийн хөрөнгөө эргэж явна уу гэдгийг таамаглахад ч бэрх. Ёстой л нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь адил гардаг шиг хичнээн шалгаад ч хэнбугайтай ч хариуцлага тооцогдож, яригдахгүй болохоор хэнд ч итгэх билээ дээ.

Үүнийг батлах гэсэн мэт “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн ажилчдынхаа 13 дахь сарын цалинг нь өнөөг хэр олгоогүй байгаа гэнэ. Уг нь тухайн онд нь багтаан олгодог байсан ч энэ удаа таг болчихжээ. Тиймээс энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт үйлдвэрээс МАН хулгай хийсээр байна. Ажилчдын цалинг нэмэхгүй, 13 дахь сарын цалинг өгөхгүй байгааг эсэргүүцэж тэмцэх болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэгэхээр эрхэм гишүүн л тойргийнхондоо “очков” авахын тулд шоудчихгүй бол үнэнийг илчилж магадгүй хэмээн харах л үлдэж байна. Ямартай ч эрх баригч нам “Эрдэнэт”-ийг шалгаж явна уу, эргэлтийн хөрөнгөө эргэж явна уу гэх хардлагын үнэн удахгүй тайлагдах биз ээ.