Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан
1 сарын 14, 2020

Сэтгүүлчийг тагнасан хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш амьдралд нийцэхгүй байгаа тухай сэтгүүлч болон иргэд ч олон ярьсан.

Тодруулбал, Зөрчлийн хуулиар, гүтгэх доромжлохыг зохицуулж байсан зүйл заалт нь амьдрал дээр асуудлыг шүүхгүйгээр шийддэг байсан.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт нь сэтгүүлч ямар ч баримт нотолгоо гаргаж өгөөд торгуулдаг байсан нь эргээд хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд нөлөөлсөн.

Энэ тал дээр салбарын болоод хууль хяналтын байгууллагын 150 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмж гаргасан. Энэ саналаа нэгтгээд ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авахуулах тухайд санал нэгдэж, шаардлага хүргүүлсэн. Ингээд уг хуулийн 6.21 гэдэг заалт байхгүй болсон. Харин өчигдрөөс "Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалт Эрүүгийн хуульд орсон" ташаа ойлгол сошиал орчинд явлаа.

Зөрчлийн тухай хуульд байсан зүйл заалтаараа Эрүүгийн хуульд тусгагдахаар анхны төсөлд танилцуулагдсан нь үнэн. Эрүүгийн хуульд оруулахдаа “худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол” гэсэн байдлаар ч төсөлд танилцуулагдсан.

Гэхдээ салбарын төрийн бус байгууллагууд Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэсэн хатуу саналтай байсан.

Харин сошиал орчинд хуурамч хаягнаас худал мэдээлэл тарааж, бусдыг гүнгэн доромжилж байгаа гэмт хэрэгтэй Иргэний болон Зөрчлийн хуулийн түвшинд тэмцэж болохгүй байгаа талаар Ажлын хэсэг тайлбарладаг.

Бидний хувьд ч энэ үндэслэлийг няцаах боломжгүй. Учир нь хэн ч байсан худал мэдээлэл тарааж болохгүй. Ялангуяа сошиал орчинд нэрээ нууцлан хүнийг ор үндэслэлгүйгээр гүтгэдэг этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж тодруулахад энэ заалт ач холбогдолтой гэсэн ажлын хэсгийн тайлбарыг бид хүлээж авсан.

Гэхдээ Хууль зүйн байнгын хороогоор олон удаа орсны дараа Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн сүлийн нэр томъёолол нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж орсон.

Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гарсан анхны саналыг бид байхгүй болгож чадсан.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, ХЗДХ-ийн яамны Ажлын хэсэгтэй бид зарчмын хувьд тохиролцсон нь сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байх үедээ санамсар болгоомжгүйгээр мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх эрх зүйн боломжийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд оруулж өгөх талаар ойлголцолд хүрсэн” гэлээ.

Харин сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудлаар тэр хэлэхдээ “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал бий. Би энэ талаар өмнө нь хэвлэлийн бага хурал хийж байсан. Энэ асуудал тухайн үедээ өнгөрсөн.

Энэ мэдээллийн дагуу холбогдох хүмүүстэй уулзаж, шаардлага хүргүүлсэн ч тийм асуудал байхгүй гэсэн хариулт өгдөг.

Харин өчигдрийн хувьд зарим мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа Мандахбаярт асуудал байгаа юм биш биз гэсэн мэдээлэл тараасан.

Хэрвээ ямар нэг байдлаар сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байвал бидний хамгийн аюултай асуудал. Үүнийг зүгээр хараад суудаг сэтгүүлчдийн эвлэлийн дарга битгий хэл зүгээр сэтгүүлч ч гэж байхгүй.

Тиймээс аль нь үнэн нь мэдэгдэхгүй энэ асуудлыг нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, цэг тавих нь зүйтэй. Ойрын хугацаанд бүх талын хүмүүс оролцож энэ асуудал дээр хариулт өгөх хэрэгтэй.

Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг, би дэлгээд өгье. Ямартай ч нэгдсэн ойлголтод хүрье” хэмээв.