Манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй гэв
2 сарын 20, 2020

Эрүүл мэндийн яамнаас олон улсад тархсан шинэ коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал, сэрэмжээ сулруулж болохгүй.

Эрдэмтэн судлаачдын зүгээс коронавирусийн халдвараас хамгаалахын тулд дархлаагаа дэмжих нь хамгийн үр дүнтэйг зөвлөсөөр байгаа. Дархлаа сайн байвал халдвар авсан хэдий ч хөнгөн өвчлөх боломжтойг мэдээлж байна.

БНХАУ-ын Ухань хотод халдварын тоо буурч байгаа хэдий ч бусад улс оронд халдварын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд хэрвээ манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрвэл тархах өндөр эрсдэлтэй байна гэж дүгнэсэн" гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар COVID-19 халдварын 75,292 тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-аас гадна дэлхийн бусад улс оронд 1,900 тохиолдол, 5 нас баралт гарсан байна.

Хятад улс сүүлийн дүн мэдээгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгтгэж ирүүлээгүй байна. Ойрын өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ цаашид буурна гэж тооцоолоход эрт буюу тогтворгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барж буй бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна. Бага насны хүүхэд халдварлах нь цөөн байгаа бөгөөд үүний шалтгааныг тодруулах судалгаа хийгдэж байгаа.

Голомтод бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг харахад хүн олноор цугласан газарт халдвар тархаж байна" гэлээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс "Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд хэрэглэх хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэх бодис, тоног төхөөрөмжийг бэлэн байлгахаар ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байгаа.

Эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаагаас гадна ДЭМБ бусад олон улсын байгууллага, иргэд, ААН-үүд хандив, тусламж өгсөөр байна" гэдгийг мэдээлэв.