Т.Гантөмөр: Нөөцийн махыг өнөөдөр 279 цэгээр худалдан борлуулж эхэлнэ
3 сарын 11, 2020

Нөөцийн махыг хэзээнээс борлуулж эхлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дараах тайлбар хийлээ. Тэрээр, "Нийт 15 ААН 13,000 тонн мах бэлтгэн, зориулалтын агуулахад хадгалж байгаа. Товлосон ёсоор гуравдугаар сарын 9-нд нөөцийн махыг худалдаанд гаргах байсан боловч COVID-19 халдвараас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд импорт, экспортын хүндрэлээс үүдэн нөөцийн махыг савлах уутны асуудал жигдрээгүй байна. Тиймээс дотоодын бололцоонд тулгуурлан хөл хорио тавигдах хүртэл хугацаанд уутаа бэлдсэн. Түүнчлэн бэлтгэсэн махаа хадгалж буй агуулахууд нь Налайх, Сонгинохайрхан дүүргийн 32, 21 дүгээр хороонд буюу шалган нэвтрүүлэх товчооны гадна талд байрлаж байгаа. Улсын Онцгой комиссын өчигдрийн шийдвэрээр шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих хөдөлгөөнийг хаасан тул дээрх асуудлыг УОК-т танилцуулж, шийдвэрлүүлсэн. Ингэснээр өнөөдөр 15:00 цагаас 279 цэгээр худалдаалан борлуулж эхэлнэ" гэлээ.