Нэвтрэх зөвшөөрлийг хэнд олгох вэ?
3 сарын 12, 2020

Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2020.03.12/ мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд угаарын хийд өртсөн гэх дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Хавар, намрын улиралд яндангийн утаа таталтад өөрчлөлт ордог тул пийшин, зуух, яндангийн хэвийн ажиллагаанд хяналт тавихыг иргэд олон нийтэд анхааруулав.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрөгч мягмар гарагт угаарын хийн мэдрэгчээ салгаж тавьсан өрхөөс дуудлага ирсэн. Мэдрэгчээ салгаснаас болж хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тийм учраас мэдрэгчээ салгахгүй байхыг дахин анхааруулж байна. Агаарын температур өөрчлөгдөж дулаарахад угаар эргэн цонх, тооноор гэр, сууцанд нэвтрэх эрсдэлтэй. Тийм учраас дор бүрнээ анхаарлаа сайжруулж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна" гэлээ.

Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд Нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа юм. Үүнд:

Ар гэрийн гачигдал

Өвчтэй хүнийг асрах, сувилах шаардлагатай

Тусгай ажил үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд зөвшөөрлийг олгож байгаа аж.

Энэ талаар НОБГ-аас "Нийслэлийн онцгой комисс дээр нэвтрэх зөвшөөрлийг иргэн болон аж ахуй нэгжид олгож байна. Хувийн ажлаар орж ирсэн иргэдээс гэртээ харих, хотоос гарах хүсэлт маш ихээр ирж байгаа. Нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд нотлох баримтыг үндэслэн нягталж олгож байгаа. Бид гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Энэ нөхцөлд иргэд төр засгаа гаргаж буй шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Тиймээс шийдвэрийг хэрэгжүүлэхийг иргэдэд сануулмаар байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай" гэдгийг анхаарууллаа.