ШӨХТГ-аас Шатахууны үнийг хэрхэн бууруулахаа ААН-үүд энэ сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардлаа
3 сарын 17, 2020

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОХУ-ын "Роснефть" компанийн газрын тосны гадаад хилийн үнэ буурсантай холбоотойгоор ШӨХТГ-аас "Роснефть" компаниар дамжуулан шатахуун импортолж буй ААН байгууллагуудад шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэллээ.

Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2020 оны гуравдугаар сард тонн тутамдаа А80 автобинзен 539 ам.доллар, АИ92 автобинзен 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болсон. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад А80, АИ92 автобинзен тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус буурчээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: "Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны жижиглэнгийн дундаж үнийн мэдээлэлд

  • А80 автобинзен литр нь 1,730 төгрөг
  • АИ92 автобинзен 1,835 төгрөг
  • Дизель түлш литр тутамдаа 2,464 төгрөгөөр Улаанбаатар хотод борлуулагдаж байна.

Салбарын яам агентлагуудын ашигладаг газрын тосны бүтээгдэхүүний үнээс тооцсон жижиглэнгийн үнийн тооцоо, төвийн бүсийн хэмжээнд буй загварыг ашиглан тооцоо хийхэд

  • А80 автобинзен литр тутамдаа 198 төгрөг
  • АИ90 автобинзен литр тутамдаа 194 төгрөг
  • Дизель түлш литр тутамдаа 335 төгрөгийн ашигтай байна.

Иймд ШӨХТГ-аас гуравдугаар сарын 10-ны өдөр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн өөрийн харьяа төв болон орон нутгийн салбар нэгжүүдэд борлуулж буй бөөний болон жижиглэн борлуулалтын үнийг гадаад хилийн үнэтэй уялдуулан бууруулж, авсан арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдэд хүргүүлээд байна.

ААН-үүд шатахууны гадаад хилийн үнийн бууралттай уялдуулан дотоод зах зээлд хэдэн төгрөгөөр ямар хугацаанаас эхлэн бууруулах мэдээллээ ил тод мэдээлэх шаардлага хүргүүлж байна" гэлээ.

Гадаад хилийн үнэ буурсан бол Монголд бензиний үнэ хэд болохыг шуурхай мэдэгддэг байвал чухал бөгөөд ШӨХТГ уг асуудалд хуулийн дагуу хяналтаа тавьж ажиллаж байгаагаа хэллээ.