Д.Нямхүү: Өчигдөр Замын-Үүдэд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрлээ
4 сарын 9, 2020

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 24 цагийн хугацаанд 212 орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Уг халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88,405 хүн нас барсан бол 339,731 хүн эдгэрчээ.

Дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна. Вирусийн халдвар АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Германд эрчтэй тархсан хэвээр байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна.

Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1,572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан.