ДНБ-ий жилийн өсөлт I улиралд 4.7 хувьтай байх төлөвтэй байна
5 сарын 15, 2018

Үндэсний статистикийн хорооноос мягмар гарагт 2018 оны I улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний үр дүнг албан ёсоор танилцуулах товтой байгаа энэ үед хүлээлтийг тодорхойлох зорилгоор "Bloomberg"-ээс шинжээчдийн дунд асуулга явууллаа. ”Блумбергийн эдийн засагчдын клуб”-ийн гишүүдийн дунд явуулсан судалгаагаар I улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт дунджаар 4.7 хувь байх урьдчилсан хүлээлттэй байна гэсэн дүн гарчээ. Өөрөөр хэлбэл 2017 онд 5.1 хувиар өссөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн эрч эхний улиралд суларна гэж таамаглажээ. Боомтын гацаа нүүрсний экспортод нөлөөлсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн эрчийг сулруулсан гол шалтгаан болсон гэж харж байгаа аж. Эдийн засагчид эдийн засгийн бүтцийг сайжруулах болоод төсвийн бодлогыг сайжруулах талд анхаарах нь чухал гэж үзэж байна.

Олон Улсын Валютын Сангийн гурав дахь шатны үнэлгээний баг болон Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дэлгэрэнгүй тайланд "Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ойрын хугацаанд нүүрсний экспорт төдийлөн дэмжлэг үзүүлэхгүй" гэж дурджээ. Үүнд хилийн боомтын асуудал нөлөөлнө гэж үзсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан тайланд "Монгол Улсын улс төрийн орчин тогтворжоогүй байгаа нь гол эрсдэл" гэж тодорхойлсон байна.

Улс төрийн орчин тогтворгүй бол “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гүйцэтгэлд сөрөг нөлөөлөхөөс гадна донор орнуудын санхүүжилтийг хойш татах эрсдэлтэй гэж Олон Улсын Валютын Сан дүгнэжээ. Мөн Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьтай тэнцэж байгаа нь маш өндөр хувь хэмжээ гэж онцлоод хөтөлбөрийн гүйцэтгэлд сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн байна.