726 боловсролын байгууллагын барилгад галын аюулгүй байдлын шалгалт хийжээ
6 сарын 9, 2020

Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг хяналт, шалгалтад хамруулсан юм.

Хяналт, шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 3,657 зөрчил, дутагдлыг илрүүлжээ.

Шалгалтын явцад газар дээр нь 1,056 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийн систем төлөвлөөгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй.

Мөн галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж мөрдөөгүй, зураг төсөлд галын аюулгүйн магадлал хийгдээгүй авралтын зам гарцыг хаасан, галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант, хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулан бэлэн байдлыг ханган ажиллаагүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Дээрх зөрчлүүдийг холбогдох хууль тогтоомж, хяналтын байцаагчийн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд зөрчлийг бүрэн арилгуулахаар гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулна.



Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.