Apple компани iPhone 12 утсаа танилцууллаа
10 сарын 14, 2020

Apple компани түр хойшлуулаад байсан iPhone 12 утасны танилцуулгаа хийлээ. Шинэ цуглуулгад багтаж буй дөрвөн загвар бүгд 5G сүлжээнд ажиллах анхны гар утас болж байна. Стандарт утас, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max -аас гадна 5.4 инчийн жижиг дэлгэцтэй шинэ "Mini" загварыг танилцууллаа. Уламжлалын дагуу шинэ загварууд бүгд 128GB, 256GB, 512GB гэсэн санах ойн багтаамжтай байх юм.

 Өмнөх хувилбараасаа 16 хувиар хөнгөн iPhone12 загварын эх биеийг хөнгөн цагаан, “Ceramic Shield” бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр дөрөв дахин бат бэх болсон гэж онцолж байна. 6.1 инчийн OLED дэлгэц, A14 Bionic процессороор тоноглогдсон бөгөөд арын 12 MP үндсэн, 12 MP хэт өргөн өнцгийн хоёр камертай.

iPhone 12 хувилбаруудын эх биед MagSafe хэмээх соронзон тогтоогч суурилуулж өгчээ. Ингэснээр цэнэглэгч зэрэг нэмэлт хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой.

iPhone 12 mini

5.4 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаан их биетэй. Хар, цагаан, хөх, ногоон өнгийн сонголттой

iPhone 12 Pro

Хэмжээ үндсэн загвартай ижил боловч их бие нь гангаар хийгдсэн, 2х оптик томруулдаг арын камер, кадр доторх объект хүртэлх зайг тодорхойлдог лазер мэдрэгчтэй. Энэхүү мэдрэгч нь шөнийн цагаар зураг авах чадварыг сайжруулдаг. Алтлаг, мөнгөлөг, бал чулуун, хөх өнгийн сонголттой.

iPhone 12 Pro Max 

 6.7 инчийн дэлгэцтэй, 2.5 дахин томруулсан оптик гурав дахь камертай.