“УЛААНБААТАР МАРАФОН”-д 30000 хүн бүртгүүлжээ
5 сарын 15, 2018

Энэ сарын 19-нд Сүхбаатарын талбайд гараагаа эхлүүлэх “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Сонирхогчдын болон мэргэжлийн ангилалд болдог тус тэмцээний оролцогчид энэ өдрүүдэд гүйлтийн дугаараа авч байгаа юм. Монголын шилдэг марафонч “Рио 2016” олимпийн наадам болон ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Мөнхзаяа өчигдөр дугаараа авлаа. Тэрбээр энэ жил өөрийн үндсэн зай болох 42 км 195 метрт хурд хүчээ сорих юм. Түүний дугаар нь A2-0001 юм байна. Өнгөрсөн оны аварга түүнийг аваргаа хамгаалах эсэхийг хэдхэн хоногийн дараа харах л үлдлээ. Б.Мөнхзаяа энэ жил БНСУ, БНХАУ-д болсон марафонд эхний байруудад шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Өнгөрсөн жил 21 км-т хоёр удаа түрүүлж, хоёр удаа хоёрдугаар байр эзэлж байсан ОУХМ Г.Хишигсайхан энэ жил бүтэн марафонд гүйхээр дугаараа авсан байна. Мөн энэ зайд өсвөрийн болон шилдэг тамирчид мэдүүлгээ өгөөд байгаа нь уралдааныг илүү өрсөлдөөнтэй болгох нь дамжигггүй. Эрэгтэйчүүдийн 42 км 195 метрт гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй Кени, Этиоп, Япон, БНСУ-ын шилдэг марафончид урилгаар оролцох юм. “Улаанбаатар марафон”-ы бэлтгэл ажлыг хангахаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгүүд ажиллаж байгаа юм.

Мөн оролцогчдийн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайт болон Нийслэлийн биеийн тамир спортын газар бүртгэж, дугаар олгож байна. Одоогоор 30 мянган хүн бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэлийг маргааш /2018.05.16/ хаах юм.