Машинтайгаа хавцал руу унаж, 1 хүн нас баржээ
10 сарын 30, 2020

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн Өлгийн даваа гэдэг газарт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.29/ 00.25 цагт иргэн Л-ийн жолоодож явсан Зил 131  загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унажээ. Ослын улмаас зургаан  хүн бэртэж, нэг  иргэн нас барсан бол азаар дөрвөн иргэн эсэн мэнд гарчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын Ерөнхий газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 46 настай эрэгтэй Б, 38 настай эрэгтэй М, 36 настай эрэгтэй Э, 63 настай эрэгтэй М, 35 настай эрэгтэй Л, 32 настай эрэгтэй Б нарыг  сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 36 настай эрэгтэй Г-ийн  цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн аж.

Дашрамд дурдахад, Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст аравдугаар сарын 26-29-ны өдрүүдэд  зам тээврийн ослын шинжтэй 984  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний хоёр  нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ.