ЭМЯ: 119.мн сайтыг хийсэн компанитай гэрээ байгуулаагүй
12 сарын 8, 2020

-Covid-19 халдварын үед ашиглах түргэвчилсэн оношлуурыг хоёр өөр үнээр худалдан авалт хийж, өндөр үнээр авсан гэсэн яриа яваад байгаа. Энэ талаар  мэдээлэл өгөхгүй юу?

Эрүүл мэндийн яамнаас эхний түргэвчилсэн оношлуурыг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд БНСУ-ын “Ok Фарма” компаниар дамжуулан 5.20 центээр худалдан авсан. Нэг бүрийн үнэд бүх тээврийн хөлс, БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас Улаанбаатарт ирэх тээврийн хөлс бүгд багтаж гэрээ хийгдсэн. Дараагийн 200 мянган оношлуурыг 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд SD BIOSENSOR компаниас оношлуурын үндсэн үнээр байгуулсан гэрээний дагуу 4.97 центээр нийт 994.0 мянган долларын гэрээ байгуулсан. Үүнд, тээврийн хөлс багтаагүй. 200 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг Инчеонд авчрах, Инчеоноос Улаанбаатарт авчрахад 87 сая төгрөгийн тээврийн зардал төлсөн.

-Оношлуурын нэг бүрийн үнэд тээврийн зардал орж байгаа гэлээ.  Нэг оношлуурт хэдэн төгрөг ногдож байгаа вэ?

Тээврийн нийт зардлыг нийт оношлуурт хуваахад нэг оношлуурт 0.16 цент ногдож, нэг оношлуурын үнэ 5.13 цент болж байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр оношлуурын нэг нь тээврийн хөлс шингээсэн, нөгөө нь тээврийн хөлс шингээгээгүй үнэ юм. ЭМЯ-наас энэ талын бүх мэдээллийг ил тодоор шилэн дансанд байршуулсан бөгөөд хууль зөрчсөн болон өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье.

-119.мн сайтыг бүтээхэд их хэмжээний мөнгө зарцуулсан байж магадгүй гэсэн  яриа мөн гараад буй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-119.мн сайтыг байгуулахын тулд 508 сая төгрөгийн гэрээ байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь огт үндэслэлгүй худал, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Учир нь Эрүүл мэндийн яамнаас одоогийн байдлаар 119.мн сайтыг хийж байгаа компанитай огт гэрээ байгуулаагүй юм.

Эх сурвалж: ЭМЯ