БНХАУ, ОХУ-тай олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа
4 сарын 15, 2018

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан бөгөөд талууд дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлахаар заасан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.