Г.Занданшатар даргын гэгээн мөрөөдөл МҮОНРТ-ийг самарч байна
12 сарын 21, 2020

Ирэх оны зургадугаар сард буюу одоогоос долоохон сарын дараа Монгол Улсын анхны 6 жил төр барих Ерөнхийлөгчийн сонгууль болно. Бусад намаас хэн нэр дэвших нь хамаагүй ч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөх нь тодорхой. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох эсэх нь зөвхөн өөрт нь хамаатай болохоос намынх нь бусад нөхдөд ёстой падгүй хэрэг. Учир нь У.Хүрэлсүх явж гэмээнэ МАН-ын дараагийн дарга, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдын суудал суларч олз хайн, бэлэн хоол шиншлэгч цөөврүүдэд албан тушаал өөд сэм дайрах үүд нээгдэнэ. Өнөөдөр улс төрийн хүрээнд яригдаж байгаагаар МАН-ын дараагийн даргад УИХ-ын дарга Г.Занданшатар санаархаж байгаа гэх. Энэ бэлтгэлээ ч базаагаад эхэлсэн гэлцэх. Тодруулбал, хоёр сарын өмнөөс эхэлсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын тэмцэлд УИХ-ын дарга Г.Занданшатар эхнээсээ өндөр ройлтой оролцсоор ялах шинжтэй байна. Улстөрчид, уран бүтээлчдийн хоорондох энэхүү тэмцэлд улстөрчид ялалт байгуулах нь тодорхой. Монголын телевизүүдийн холбоог халаасандаа оруулсан Шатар дарга одоо МҮОНРТ-ийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг болчихвол 2021 онд МАН-ын дарга болон мандахад хэвлэлийн зүгээс лав сөрөг мэдээлэл түгээх суваггүй, эсэргүүцэх редакцгүй болно. Энэ санаархлаа биелүүлэхийн тулд 700 сэтгүүлч, уран бүтээлч байтугайг уландаа гишгэчиж улайран дайрч байгаа нь энэ биз. Түүний гэгээн мөрөөдлөө биелүүлэх адын хүсэл дор МҮОНРТ бүрэн дампуурч хоцрох юм биш биз. Эхнээсээ Олон нийтийн радио телевизийн хууль, түүний Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах дүрэм, журмууд ёстой ноорог цаас болон гишгэгдэж байна. Бүх уран бүтээлчдийн тэмцэл цагдаа, тусгай хамгаалалтын ханыг мөргөн цөхөрч байна. Бидний мэдэж байгаагаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирал нь –Ял шийтгэлгүй байх, -Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх, -Хэвлэл мэдээллийн салбар, түүнтэй адилтгах байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх гэх үндсэн гурван шалгуур, заалтыг үндсэндээ юман чинээ тоосонгүй. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болох нь тодорхой болсон Н.Дэмбэрэл гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж явсны зэрэгцээ МАН-ын дарга болон өрсөлдөж байсан МАН-ын жинхэнэ гишүүн хүн билээ. Түүнд мөн хэвлэл мэдээллийн аль нэг редакцид харъяалагдан уран бүтээл туурвиж, үндэстнээ соён гэгээрүүлэх ажил хийж байсан туршлага үгүй юм. Ийнхүү хууль тогтоох хамгийн дээд байгууллага УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг гууль болгон, МҮОНРТ-ийг самарч байгааг гурван сая монголчууд бүгд харж сууна. Түүнийг хэвлэлийн дайсан, хууль хэрэгжүүлэхийн эсрэг үзэлтэн гэдгийг өөр зүйлээр нотлох шаардлага үгүй биз.