Б.Ууганбаяр: Гурван найзаа дуудаж согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн халдвартай нь батлагдсан
12 сарын 30, 2020

Улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1,750 иргэн байгааг УОК-ын Шуурхай  штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Сүүлийн 24 цагт 70 иргэн нэмж тусгаарлагдсан бол 12 иргэн дотроо шилжин тусгаарлагдаж, 123 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.

  • Хавдар судлалын үндэсний төвөөс 79 иргэнийг Эх нярай эмэгтэйчүүдийн II  төв  рүү, "Тэмүүжин", "Леон", "ТиЖи" зочид буудлууд руу шилжүүлсэн.
  • Цэргийн төв эмнэлгээс 11 иргэнийг  Эх нярай эмэгтэйчүүдийн II төв рүү шилжүүллээ.
  • ХӨСҮТ-т төрсөн нярайг мөн Эх нярай эмэгтэйчүүдийн II төв рүү шилжүүлсэн.
  • Цэргийн төв эмнэлгээс нэг иргэнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
  • Мөн Амар, Улаанбаатар, Наранбулаг, Леон зочид буудал болон гэртээ тусгаарлалтад байсан тодорхой тооны иргэнийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,502 хүн гэрийн ажиглалтад байна. Өнөөдөр 170 иргэн гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Эдгээрээс 132 нь Эх нярай эмэгтэйчүүдийн II төвөөс эдгэрэн гарч байна. ХӨСҮТ-д эмчлэгдээд гарсан иргэдийг 7 хоног болон түүнээс дээш хугацаагаар Эх нярай эмэгтэйчүүдийн II төвд ажиглаад гэрийн тусгаарлалтад шилжлүүлж байгаа.

Өчигдөр Монгол Улсын өмнөд хилээр нүүрс тээвэр, бараа материал тээвэрлэсэн 328 тээврийн хэрэгсэл гарч, мөн 328 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрлээ.

"Аав ээж нь тусгаарлагдсаны улмаас гэртээ үлдсэн 5 болон 16 настай хүүхдийн гэр, орчны аюулгүй байдлыг хангасан"

Өчигдөр Зүчи зочид буудалд тусгаарлагдсан гэр бүл гэртээ 5 болон 16 настай хүүхдээ орхиод ирсэн тул хүүхдүүддээ санаа зовж байгаа талаар хүсэлтээ манайд тавьсан бөгөөд Гэр бүл хүүхэд залуучуудын байгууллагад уламжилж, холбогдох мэргэжлийн байгууллагынхан өчигдөр гэрт нь буюу Цагаан даваанд очиж гэр, орчны аюулгүй байдлыг хангасан. Өнөөдрөөс бусад дэмжлэгийг  үзүүлж ажиллана. Эцэг эхийнх нь тусгаарлалтын хугацаа цааш урт хугацаагаар үргэлжилбэл хүүхэд хамгааллын байранд хүүхдүүдийг аваачихаад төлөвлөлт хийгээд байна.

"Гурван найзаа дуудаж согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн халдвартай нь батлагдсан"

Иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос болоод тусгаарлагдаж, үүнээс зургаан хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Тиймээс буяны ажил зохион байгуулахдаа цөөн хүн оролцуулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг зөвлөж байна. Нэг иргэн өөрийн төрсөн өдөртөө 20 гаруй хүнийг урьж оролцуулсан. Тэднээс нэг хүний шинжилгээнд халдвар илрээд байгаа. Баярын арга хэмжээтэй холбоотой хүмүүс цуглуулахгүй байхыг анхааруулж байна.

Онлайн худалдаанд бас анхааралтай хандаарай. Нэг сэжигтэй тохиолдол болсон иргэн гар утасны онлайн худалдаа зохион байгуулж байсан байна. Нэг хүн бас гурван найзаа дуудаад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өөрөө халдвартай болох нь батлагдаад байгаа. Ер нь бол мэргэжлийн олон байгууллага халдварыг хяналтад авах чиглэлээр маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа" хэмээн ярилаа. Мөн тэрээр Тэрбээр "Өчигдөр олон нийтийн сүлжээнд нэг марзганасан яриатай нэвтрүүлэг цацагдсан. Утсаар ярихдаа УОК-ын нэр бариад, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар хэрэглэж байгаа бичлэг байна. УОК-ын Шуурхай штабаас тэдгээр иргэдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Халдварт өвчний үед ингэж тоглож болохгүй. Тоглоом тоотой нь дээр гэдэг юм.

Мэргэжлийн байгууллагын ажилтнууд, ард иргэд хүчин чармайлт гаргаж байхад олон хүний хүч хөдөлмөрийг ингэж буруугаар ашиглаж марзганаж болохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ингэж олон хүний хүч, хөдөлмөрийг буруугаар ашигласан бол хуулийн хатуу хариуцлага хүлээнэ. Тэр зургаан хүн амны хаалтгүй тойроод суучихсан их сонин үйлдэл гаргаж байсан. Үүнийг шалгуулна" хэмээв.