ТБХ: НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
12 сарын 30, 2020

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.30) хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа нар хуралдааны танхимд хүрэлцэн  ирж, цахимаар 10 гишүүн ирцэд бүртгүүлснээр ирц бүрдэж 10 цаг 08 минутад хуралдаан эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр боловсруулсан тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргаж, гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. 

Тиймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин санал хураалт явуулж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар гаргалаа.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 73.4 хувийн саналаар дэмжив. Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.  

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 8.3.15 дахь дэд заалтын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор төсвийн ерөнхийлөн захирагч болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 2019-2020 оны үйл ажиллагааг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар  Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Амарсайхан, Ц.Анандбазар, Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.4 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

Хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 2019-2020 оны үйл ажиллагааг хамруулан хийх хяналт шалгалтыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгаснаар хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.