БЗД-ийн 17 дугаар хороонд 7, "Ачтан" эмнэлгийн голомтоос 2, Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчаас халдвар илэрчээ
1 сарын 14, 2021

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 13-ны өдөр улсын хэмжээнд 15,899 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын ес нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • БЗД-ийн 17 дугаар хороонд өмнө нь батлагдсан хоёр гэр бүлийн хавьтал 7 хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
  • "Ачтан" эмнэлгийн голомтод 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Үүнээс гадна зөөвөрлөгдсөн тохиолдол 1-ээр нэмэгдсэн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байгаа. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 410 болж байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,479 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 559 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 459 байгаа" гэв.