Д.Нарангэрэл: Үйлчлүүлэгчдэдээ заавал цаг олгож, бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай
1 сарын 23, 2021

Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээж байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг хүргэлээ.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Халдварт өвчний үед Улаанбаатар хот нь онцгой эрсдэлтэй бүс. Дөрвөн голомт идэвхтэй байгаа. Гол голомт нь байр, гэр бүл, хамт олны хүрээнд идэвхтэй байгаа учир цаашид өргөжих хандлагатай байна. Иймд үсчин, гоо сайхны газрууд, үйлчилгээ эрхлэгчид эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй. 

Тухайлбал, үйлчлүүлэгчдэдээ заавал цаг олгож, бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай. Учир нь нийслэл дэх үсчин, гоо сайхны газрууд ашиглах талбай багатай байдаг тул бөөгнөрөл үүсвэл халдвар тарах эрсдэлтэй. Мөн үсчид хүнтэй ойрын зайнаас харьцдаг учир үйлчлүүлэгчдэдээ амны хаалтыг заавал зүүхийг шаардах, өөрөө амны хаалт зүүхээс гадна нүүрний хамгаалалт зүүх шаардлагатай. 

Түүнчлэн үсний үлдэгдлийг шүүрдэж болохгүй, соруулах ёстой бөгөөд хэрэглэж байгаа зүйлсээ сэгсэрч болохгүй" гэлээ

Үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж:

  • Ажилчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэр нь буцаах
  • үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, ажилтнууд өөрсдөө амны хаалт болон нүүрний хамгаалалт зүүх
  • бээлий өмсөх
  • сандал, орыг 1.5-2 метрийн зайтай байрлуулах
  • хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
  • алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүү наранд хатаах
  • спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
  • цонхоо онгойлгож, агаарыг тогтмол сэлгэх
  • хүлээлгийн танхимд зай барих тэмдэглэгээ хийх
  • урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • 1 литр усанд 25 мл белизна хийж, шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
  • ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэх
  • 14 хоногт нэг удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Үйлчилгээ үзүүлэхэд:

  • Утас болон цахимаар цаг өгөх
  • биеийн халуун үзэх
  • амны хаалт зүүх
  • тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савлаж, нэг удаагийн халбагаар таслан авч хэрэглэх,. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
  • аль болох картаар тооцоо хийх
  • хог хаягдлыг уутанд хийж, амыг сайтар боож хаях