Г.Занданшатар: Манай улс Дэлхийн банкны байгууллагуудтай хамтран ажлын байр бий болгох төсөл хэрэгжүүлнэ
2 сарын 11, 2021

Монгол Улс Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци болон Олон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Монгол Улс 1991 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Дэлхийн банкны группд 155 дахь гишүүнээр элсэн орж түншлэл, хамтын ажиллагаа байгуулсны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тэр өдрөөс хойш, Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудаас нийт 1.3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон салбарт 100 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд одоо 16 төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна.

Эдгээр төсөл, арга хэмжээ нь манай улсын ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх хугацаанд бидний хамтын ажиллагаа өргөн хүрээнд улам нягтарч ирснийг тэмдэглэхэд баяртай байна.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл олгодог Олон улсын хөгжлийн ассоциац бүлгээс 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр гарч дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт буюу Дэлхийн банкны арилжааны нөхцөлтэй зээл олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны бүлэгт 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хамаарагдаж эхлээд байна. 

Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг тодорхой жишээ юм. Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудтай хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны хүрээнд 2021-2025 онуудад хамтран ажиллах Түншлэлийн стратегийн баримт бичгийн төслийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Алсын хараа-2050, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн хөгжлийн үндсэн баримт бичгүүдтэй уялдуулан батлаад байгаа.

Энэхүү Түншлэлийн стратегийн баримт бичиг нь

  1. Эдийн засгийг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг дэмжих,
  2. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанартай ажлын байр бий болгох,
  3. Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг дээшлүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг хамрах юм.

Та бүхэнд бидний хамтын ажиллагааны түүхт 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Мөн монгол түмний уламжлалт цагаан сарын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.