10 мянган хүн тун Спутник-V вакциныг өнөөдөр хүлээн авлаа
2 сарын 28, 2021

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины 10 мянган хүн тунг өнөөдөр манай улс хүлээн авлаа. 

Тус вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд манай улсын хүлээн авч буй гурав дахь төрлийн вакцин болж байна.

Өмнө нь буюу энэ сарын 22-ны өдөр БНЭУ-д үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун Astrazeneca вакциныг хүлээн авсан бол 23-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээж авсан билээ.

Ингээд нийт 460 мянган хүн тун коронавирусийн эсрэг вакциныг хүлээн аваад байгаа ч одоогийн байдлаар зөвхөн Astrazeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байгаа. Синофарм, Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байгаа хэдий ч манай улсын хувьд дархлаажуулалтад ашиглахад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй ЭМЯ-наас мэдээлсэн. Гэсэн ч эдгээр вакциныг дархлаажуулалтад ашиглаж эхлэх эсэх талаар албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.